Wednesday, March 14, 2012

HTML хэлний тухай


HTML хэлний тухай

Сүүлийн үед Интернэт хэрэглэгчдийн тоо харьцангуй өсч түүнийгээ дагаад хэрэглээ ч маш их өргөн болж олон ч сайхан вэб сайтууд бүтээгдэн гарч байна. Энэ тэндхийн вэбүүдээр аялаж, элдвийн форумаар зочилход вэб мэдээллийг үндэслэн бүтээгч HTML хэлний талаар асуусан, сурах юмсан гэсэн олон хэрэглэгчийг хараад өөрийн тус болох зүйлээ хэлээд өгөх юмсан гэж боддог ч төдийлөн цаг зав гаргахгүй юм даа.
Өнөөдөр хичнээн зав муутай суугаа ч гэсэн дүүгийнхээ HTML сурч юм хийх гэсэн хүсэлтийн дагуу хуучин хийж байсан материалаа энд сийрүүлэн орууллаа. Энэ хэсэгт вэб хуудас хэрхэн бүрээгддэг тухай суурь ойлголтыг өгөх, энгийн html хуудас хийх аргачлал, үндсэн зарчимыг ойлгуулахыг хичээсэн болно. Шинэ, шилдэг вэб технологууд, програмчлалийн талаар огт дурдаагүй билээ.


1. Үндсэн ойлголт

Вэб хуудас (Web Page)

Вэб хуудсыг HTML (Hyper Text MarkUp Language) хэлний тусламжтай хийдэг. Энэ нь ердийн текст (ASCII text) файл бөгөөд HTML хэлний команд болох "HTML TAG"-уудыг агуулдаг бөгөөд үүнийг эх файл буюу HTML source code гэж нэрлэдэг (цаашид эх файл гэж нэрлэе). Энэхүү эх файл нь .htm болон .html өргөтгөлтэй байдаг. Вэб хуудас хийхдээ DOS Editor, Norton Editor, Notepad, Write, MS Word г.м ердийн текст боловсруулах програмыг ашиглаж болно.
Вэб хуудас хийхэд зориулагдсан FrontPage, CuteHTML, Flash, Dreamweaver, Adobe Golife, Hotdog, Netscape Composer г.м програмууд байдаг.

Вэб сайт (Web site)

Вэб сайт гэдэг нь тодорхой сэдвийн дагуу, гол хуудас (Home Page) бүхий .htm(l) файлуудын цуглуулга юм. Өөрөөр хэлбэл, байгууллага, компани, хувь хүн өөрсдийн талаархи болон тодорхой зорилгоор зохион байгуулсан (хэлний сургалт, хүүхдүүдэд зориулсан, мэдээлэл солилцох г.м.) Вэб хуудсуудын багц бөгөөд түүнийг URL хаягийн тусламжтайгаар хүлээн авч үзнэ. Энэ нь тухайн сайтын хувьд гол хуудасны хаяг байдаг. Жишээлбэл, энэхүү блогтой танилцахын тулд http://mongolgoo.blogspot.com/ гэсэн URL хаягаар хандах бөгөөд гол хуудас нь http://mongolgoo.blogspot.com/index.html гэсэн хаягтай байна.

Гол хуудас (Home Page)

Гол хуудас нь Вэб сайтыг дуудахад эхэлж нээгддэг Вэб хуудас бөгөөд тухайн сайт дахь хуудсуудын гол зангилаа юм. Гол хуудсын файлын нэр нь ихэвчлэн index.html гэсэн нэртэй байх ба энэ нэрийг стандарт болгон хэрэглэдэг. Зураг 1.
Гол хуудасны бүтэц
Зураг 1. Гол хуудас.

Вэб браузер (Web browser)

Вэб хуудсыг үзэхэд зориулагдсан програмыг Вэб браузер програм хэмээн нэрлэдэг. Жишээлбэл, бидний түгээмэл хэрэглэдэг Netscape Navigator, Internet Explorer програмууд нь Вэб браузер програм юм. Браузер програм нь Вэб хуудасны HTML source кодыг хөрвүүлж, уг хуудсыг зохиогчынх нь гаргахын хүссэн өнгө, агуулга, загвараар дэлгэцэнд гаргадаг.

Вэб сервер (Web server)

Вэб сервер нь Интернэтэд Вэб сайтуудыг хадгалж байдаг өндөр хүчин чадал бүхий тусгай компьютер юм. Вэб серверийг асар олон лангуугаа бусдад түрээслүүлж байдаг үзэсгэлэн худалдааны байшинтай адилтгаж болно. Тэндээс нэг лангуу түрээслэн авч өөрийнхөө Вэб сайтыг байрлуулахын тулд hosting charge буюу түрээсийн төлбөрийг төлөх хэрэгтэй болно. Нэгэнт ингэж тавьсан хуудсыг дэлхийн аль ч булангаас Интернэтэээр дамжуулан үзэх боломжтой. Харин байшингийн эзнийг "host" гэж нэрлэнэ. Ингээд өдөр бүр сая сая ийм Вэб серверүүд хэдэн арван сая хэрэглэгчийн Вэб браузерын хүссэн Вэб хуудсыг дамжуулж байдаг асар том сүлжээг бид Интернэт хэмээн нэрлэдэг.
Вэб хэрхэн дамждаг вэ?

Вэб бол Client/Server зарчмаар ажилладаг (Зураг 2) хэрэглэгчийн хүсэлт (request), серверийн хариулт (response)-ын үндсэн систем юм.
Хэрэглэгч Вэб сайтын хаягийг браузер програмын хаягийн мөр (Location bar)-д бичиж гарыг Enter товчлуур дээр дарснаар браузер програм нь Вэб сервер рүү хүсэлтийг илгээдэг. Харин Вэб сервер нь хариу болгож, HTML хуудсыг буцаадаг.
Зураг 2. Client/Server зарчим
Энэхүү хуудас нь дороох төрөлтэй байж болно. Үүнд:
- Static HTML page (Статик хуудас)
- Dynamic HTML page (Динамик хуудас)
- Directory-listing page

Статик хуудас (Static HTML Page)

Статик хуудас нь хэрэглэгчийн хүсэлтэнд зориулж урьдчилан бэлтгэсэн HTML хуудас (Вэб хуудас) юм. Вэб сервер энэхүү хуудсыг ямар нэгэн тусгай үйлдэл хийлгүйгээр шууд хэрэглэгч рүү явуулдаг. Харин хуудсыг үзэх хэрэглэгчийн хүсэлт нь URL хаяг, эсвэл URL хаяг руу заасан холболт байж болно. Жишээлбэл, http://www.company.com/home.htm хаяг нь сервер рүү илгээгдэж сервер нь хариу (HTML хуудас) буцаана. Зураг 3.
Зураг 3. Хэрэглэгчийн хүсэлт болон серверын хариу.
Динамик хуудас (Dynamic HTML page)

Динамик хуудас нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу үүсгэгддэг. Хэрэглэгч Вэб браузер дээр text box, menu, check box зэргийг бөглөж, сонголт хийгээд тухайн Form дээрх товчлуур дээр дарснаар мэдээлэл сервер рүү илгээгддэг. Уг мэдээллийг сервер хүлээн авч өгөгдлийн санд хадгалах буюу script, application зэргээр боловсруулалт хийгээд үр дүнг нь HTML хуудсаар хэрэглэгч рүү илгээдэг.

No comments:

Post a Comment